Энэ оны 9-р сарын 18 ны өдөр Улаанбаатар хотноо “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэгдсэн чуулган болох бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод, ТББ-ын чуулган, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулган гэсэн өргөн агуулгаар зохион байгуулагдах юм. Чуулганыг Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахаар Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дэд дарга, Европ-Монголын нийгэмлэг болон Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй ярилцлаа.
– Тун удахгүй хилийн чанад дахь Монголчууд, байгуулсан холбоодын төлөөлөл, эх орныхоо төлөө санаа зовниж явдаг хүн бүр чуулах нь. Энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой ойлголт өгнө үү?
– Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачилгаар хилийн чанад дахь Монголчуудын төрийн бус байгууллага, холбоодын чуулга уулзалт хийх санаачилга гараад, энэ чиглэлээр элчин сайдын яамдуудаар дамжуулан ямар байдлаар хийвэл зохилтой талаар байгууллагуудаас саналыг авч эхэлсэн л дээ. Тэр хүрээнд төрийн бус байгууллагууд маань яаж хийвэл үр дүнтэй болох тал дээр саналаа илэрхийлсэн. Британийн Монголчуудын санаачилсан Монгол орны хөгжилд чуулга уулзалт 10 дах жилдээ Монголдоо хийхээр төлөвлөж байсаныг хамтатган хийх саналыг Гадаад харилцааны яам дэмжиж одоо энэ уулзалт маань Бүтээлч хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Өмнө нь хилийн чанадад байгаа иргэдийнхээ чиглэлээр уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулж байсан хэдий ч Монголчуудын төрийн бус байгууллагуудын чуулга уулзалт болж байгаагүй анхны гэдгээрээ онцлог. ГХЯ ч тэр төрийн бус байгууллагууд маань ч тэр ихээхэн ач холбогдол өгч тал талаасаа идэвхитэй хамтран ажиллаж байна. Энэ уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд бид Гадаад харилцааны яамны консулын газартай хамтарч хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын төрийн бус байгууллагуудын мэдээллийн санг шинэчлэн нэгтгэж байна.Энэ нь цаашдаа хамтран ажиллахад илүү дөхөм болох нь ойлгомжтой.
– Арга хэмжээг Гадаад хэргийн яам болон Цахим өртөө холбоо ТББ хамтран зохион байгуулж байна. Хоёр том агуулгыг багтаасан үйл ажиллагаа болох нь. “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн чуулганы цар хүрээ, ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байна?
– Монголчуудын холбоодууд санаачлан улс орныхоо хөгжил, сайн сайхны төлөө гэсэн чинхүү зорилготой, төрийн байгууллагын болон сайн санаат иргэд, байгууллагын тодорхой дэмжлэг оролцоотойгоор сайн санаачилгуудыг өрнүүлэн ажилладаг. Өнөө жил энэ чуулга уулзалтуудыг нэгтгэн явуулж байгаа төр төрийн бус байгууллага, иргэдийн бүтээлчээр хамтран ажиллах тэр механизмыг улам тодотгож, цааш үр дүнтэй хамтран ажиллах арга замаа илүү үр дүнтэй болгох үндэс суурь болох учиртай. Нэг юм уу хоёр өдөр уулзаж хуралдаад бүх асуудлыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Гагцхүү үүний дараачаас л бид харилцан бие биенээ дэмжиж, сонсож, үр дүн гарахуйц санаачилгуудыг хэрэгжүүлэх талын шийдвэр гарахад бэлэн болоход л энэ чуулга уулзалтуудын ач холбогдол нь оршиж байна. Түүний нэг нь энэ жил 10 дах удаагаа зохион байгуулж байгаа Монгол орны хөгжилд чуулга уулзалт юм. Ямар ч байсан сүүлийн 3 удаагийн арга хэмжээний үед Европын орнуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодууд цуглаж ажил хэргийн уулзалт хийсэн юм. Энэ жишгээр аливаа уулзалтыг эрдэм мэдлэгээ ч хуваалцдаг, эв нэгдлээ ч бэхжүүлдэг уулзалтууд болоосой гэж хүсэж байна. Ер нь аливаа уулзалт хурлын ач холбогдлыг гаргахын тулд бид араас нь хийх ажлуудаа л алдалгүй зохион байгуулах учиртай. Энэ л бидний бүтээлч хамтын ажиллагаа болж ач холбогдлоо өгнө.
– Чуулганд та Гадаадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн танилцуулга хийж, тэдэнд тулгарч буй асуудал болон шийдэх арга замуудыг хэлэлцүүлэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
– Энэ удаагийн чуулга уулзалтанд миний бие 16 улсад үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй байгууллагын санаа бодлыг төлөөлөн илэрхийлэх илтгэгч болж байгаа. Энэ илтгэлийг бэлдэхэд төрийн бус байгууллагууд маань 2 сарын турш өдөр тутам онлайнаар болон цахим шуудангаар санал бодлоо солилцож ажиллаж байна. Хилийн чанад дахь Монголчуудын байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах, бодлогын асуудлаар нэгдсэн байдлаар төр засгийн байгууллагууд болон бусад байгууллага, хүмүүстэй харилцаж хамтран ажиллах ” Хилийн чанад дахь Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл”-ийг үүсгэн байгуулах нь зөв гэдэг дээр зарчмын хувьд санал нэгтэй байгаа гэж ойлгоод дүрмийн төслөө урьдчилан гаргаад хэлэлцүүлж эхлээд байгаа. Энэ зөвлөлийг үүсгэн байгуулагчдын хурлаа 9 сарын 19-ны 13.30 цагаас ГХЯ-нд хийхээр болоод байна.
Иргэний санаачилга, сэтгэл зүтгэл гаргаж буй цөөн хүмүүсийн санаачилгаар холбоо, бусад байгууллагууд бий болж, өөр өөрсдийн улс,хотууддаа Монголчууддаа зориулсан, Монголоо сурталчилсан ажлуудыг зохион байгуулж, үйл ажиллагаа зохион байгуулалтын хэлбэр дүрсээ олж, туршлагажиж байгаа. Гэхдээ явуулж буй зарим гол үйл ажиллагаанууд нь бодлогын шинжтэй дэмжлэггүй учраас унтрах шинжтэй, зохион байгуулж байгаа хүмүүс нь залхах эсвэл оролцоо нь багасах хандлагатай болж байна. Мөн түүнчлэн нэг удаа ихээхэн хүчин зүтгэл гарч зохион байгуулагдсан үйл ажиллагааны үр дүнг улс орны хөгжилд нөлөөтэй эсэх талаар авч үздэггүй, нөлөө болохуйц шилжилт үүсдэггүй ингэснээрээ ажил огт хийгдээгүй мэт болж хувирдаг. Тэгэхээр төр өөрийн зарим үүргээсээ гэрээ байгуулах замаар найдвартай төрийн бус байгууллагууддаа шилжүүлж үр дүнтэй хамтран ажиллая, Монгол хэл соёлоо уламжлуулан үлдээх гэж сайн дураараа зүтгэж яваа сургууль багш нараа дэмжие, төр зайлшгүй оролцож дэмжих ёстой үйл ажиллагаануудыг бид илтгэлийн агуулгад оруулж байна.
Төр байгаа цагт иргэдтэй байх нь ойлгомжтой, иргэд нь хаана амьдарч байгаагаас үл хамаараад иргэд нь бодлогоо боловсруулахад оролцох, үр өгөөжөөс нь хүртэх эрхтэй, үүргээ ч ухамсарлах ёстой. Хилийн чанадад байгаа иргэдтэйгээ хэрхэн яаж үр дүнтэй хамтарч ажиллах вэ гэдэг бол улс орнуудын хөгжлийн том асуудал. Нэгэнт гадаадад гарсан эх орноо гэсэн сэтгэлтэй чадварлаг хүчийг нэгтгэн ашиглах бодлого боловсруулж , хэрэгжүүлж чадвал тэднийг эх орондоо ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхөөс дутуугүй чухал юм. Эцэст нь энэ уулзалтыг санаачилж,дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллагууд,хувь хүмүүст болон идэвхитэй хамтран ажиллаж байгаа Монголчуудын төрийн бус байгууллагынхандаа талархсанаа илэрхийлье.
– Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.