С.Санасэр: Дэлхийн улс оронд бизнесээ амжилттай эрхэлж буй залуус бүтээлчээр хамтарна

sanaser

“Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулганд дэлхийн өндөрхөгжилтэй улс орнуудад сурч, ажиллаж, амьдардаг хийгээд эх орондоо буй манлайлагч залуус оролцож байна. Тэдгээрийн нэг болох МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, “Меррор Товер” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Санасэртэй ярилцлаа. Тэрбээр тус чуулганы Бизнес эрхлэлтийн салбар хуралдааныг удирдан чиглүүлэх юм.   

– Чуулганы талаар мэдээлэл өгнө үү? 

– “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн чуулган нь төрийн ба төрийн бус байгууллагуудын түншлэл, өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа Монгол хүмүний чадавхи, тэдний мэргэжил чадварыг эх оронд нь чиглүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна. Бид дараах 5 салбар хуралдааныг зохион байгуулна. Үүнд: Өндөр технологи, Шинжлэх ухаан боловсрол нийгмийн танин мэдэхүй, Нийгмийн эрүүл мэнд, Бизнес эрхлэлт, Урлаг соёлын менежмент. Тухайн салбаруудад судалгаа шинжилгээ, бодит үйл ажиллагаа эрхэлдэг манлайлагч хүмүүсийн төлөөлөл тухайн улсаас онлайн хэлбэрээр эсвэл Монголд ирж илтгэлээ хэлэлцүүлж байгаагаараа онцлогтой.

– Арга хэмжээг Гадаад хэргийн яам болон Цахим өртөө холбоо ТББ хамтран зохион байгуулж байна. Цар хүрээ, ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байна?

– Өмнө нь гадаадад байгаа Монголчууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголчуудын холбоодууд, тухайлбал Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо олон төрөл үйл ажиллагааг тус тусдаа болон зарим талаар нэгдэж явуулсаар ирсэн. “Монгол орны хөгжилд” чуулган өмнө нь 9 жил амжилттай зохион байгуулагдсан.  Гадаадад байгаа болон байсан Монголчуудын улсынхаа хөгжилд өөр өөрсдийн түвшинд ямар хувь нэмэр оруулж байгаа болон оруулах боломжтойг судалгаа, илтгэл, хэлэлцүүлгээр дамжуулан чуулдаг үйл ажиллагаа юм. Энэ жилийн гол онцлог бол төрийн ба төрийн бус байгууллагууд хамтдаа “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэв дор чуулж байгаагаараа олон талт асуудлыг шийдэх шийдэлтэй урт хугацаанд тогтвортой ажиллах хөтөлбөртэй болох томоохон зорилго тавьж байгаа чуулган гэж харж байна.

– Чуулганы Бизнес эрхлэлтийн салбар хуралдааныг та чиглүүлж явуулах юм байна. Нийт хичнээн орноос илтгэгч оролцох вэ?

– Манай салбар хуралдаанд АНУ, Их Британи, Канад, Герман, Солонгос, Шведийн Вант Улс болон Монгол улсаас илтгэгчид оролцоно. Илтгэгчид маань тухайн улсуудад бизнесийн болон олон нийтийн үйл ажиллагааг удирдах түвшинд ажилладаг манлайлагч залуучууд байгаагаараа онцлогтой. Бизнес эрхлэлтийн салбар хуралдааныг энэ жил бид ”Хүн бүр бизнес эрхлэгч” гэсэн нэрээр хөтлөн явуулах бөгөөд үүгээрээ дамжуулан баялаг бий болгодог салбарт өөрөөр хэлбэл бизнес эрхлэлтийн салбарт Монголчууд үнэ цэнэтэй ажилчид, мэргэжилтэн бүр цаашилбал бизнесийн эзэд болох бүрэн боломж байгааг гаргаж тавьж байгаа юм.

– Ямар асуудлыг хөндөж, гарц шийдлийг санал болгох вэ? Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Өнөө үед Монголчуудын дийлэнх нь бизнес эрхлэн гэр бүлээ авч явдаг боловч маш олон бэрхшээл сорилт тэдэнд тулгарч байгаа. Олон улсын тэргүүн туршлага, мэргэжил дээшлүүлэх боломж багаас тэдний бизнес ямар нэг хэмжээнд хүрээд өсөж чадахгүй зогсчихдог. Харин гадаадад ажиллаж амьдарч буй иргэд тодорхой хугацааны дараа олон сорилт давсан тохиолдолд тэд өөр өөрсдийн салбарт бизнес эрхлэх явцдаа мэдлэг, даяарчлалын зах зээлд ажиллах ёс суртахууны болон аргазүйн ур чадвартай болж төлөвшдөг. Энэ нь бид хоорондоо илүү ойр ажиллах боломж шаардлагыг төрүүлж цаашлан өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг харилцан тэлэх, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах ирээдүйг үүсгэж байна. Бид Бизнес эрхлэлтийн сорилтууд; Бизнес харилцаа – хөгжил: Бодит жишээ; Мэдлэгийг баялаг уруу хөтлөх гэсэн гурван агуулгын хүрээнд ярилцана.

Үр дүн нь…?

Салбар хуралдааны хүрээнд өмнө дурдагдсан сорилтуудыг бид хэрхэн хамтдаа даван туулах арга замын талаар тодорхой зөв ойлголтуудад хүрнэ. Сэдэв тус бүрээр оролцогч бүрийн оролцоог бүрэн дэмжинэ. Түүнчлэн ярилцах салбар бүрд хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудад хөтөлбөр боловсруулах, шинэ санал санаачилга гаргах дөхөмтэй алхам хийнэ. Гаднаас оролцогчид оршин суугаа тухайн улсаас Монголд хийж болох үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ санал санаачлалын талаар хамгийн бодит баримт, бодлого, хууль эрх зүйн орчны мэдээлэл харилцан солилцож халуун яриа хэлцэл өрнүүлнэ.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *