Сэтгүүлч Э.Ариунзаяа. Лондон хот
Өнгөрсөн жил ХБНГУ-ад ажиллаж, амьдардаг монгол эрдэмтэн судалгааны багийн хамт томуугийн вакцин бүтээх шинэ зарчим боловсруулан гаргаж, мэргэжлийн, өндөр шалгуур бүхий нэр хүндтэй сэтгүүлд ажлаа хэвлүүлэн, зохиогчийн эрхээ авч байсан билээ. Тэр хүн бол 1983 онд Монгол улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөн, 1993-1996 онд ХБНГУ-ын Гийсэн хотын их сургуулийн аспирантурт суралцан төгсч, докторын зэрэг хамгаалсан судлаач Дарьсүрэнгийн Анхлан юм. Тэрээр 1996 оноос хойш өнөөг хүртэл ХБНГУ-д эрдэм шинжилгээний ажил хийж буй бөгөөд өдгөө Мюнстэр хотын их сургуулийн хүн эмнэлгийн салбарын молекул-вирүс судлалын хүрээлэнд ажиллаж байна. Түүнийг ирэх 6-р сарын 1-нд Лондон хотноо зохиогдох “Монгол орны хөгжилд” чуулганд оролцохтой нь холбогдуулан судалгааны ажлынх нь талаар болон чуулганы тухай ярилцлаа. Тэрээр “Монгол орны хөгжилд” 2010 оны чуулганд “Томуугийн цар тахал: бодит аюул, тэмцэх арга зам”, 2012 оныхт “Томуугийн эсрэг унивэрсал вакцин бүтээх шинэ чиглэл“ сэдвүүдээр оролцсон бол энэ онд “Биотерроризм: болзошгүй вирүст халдварууд” сэдэвт илтгэл тавин оролцох гэж байгаа юм.
Та өөрийн судалгааны ажлын цөм, гол чиглэл болсон томуу, томуугийн цар тахлын аюулын талаар энгийн хүмүүсийн гол мэдэх ёстой зүйлсийг тодруулж өгнө үү.
Томууг хүн амын доторхи тархалтын далайц, хяналтанд авах боломжоор ангилж болох юм. Улирлын буюу жил бүр хүйтэн сэрүүний улиралд тодорхой газар нутагт ихэсдэг амьсгалын замын вирүст цочмог халдвар. Үүсгэгч нь томуугийн А болон В вирүс. Судлаачид өмнөх жилүүдын томуугийн үүсгэгч вирүсийг ашиглан жил болгоны томуугийн вакцинийг бэлтгэдэг. Ингэснээр хүн амыг ижил буюу төстэй вирүсээр үүсгэгдэх томуугаас найдвартай сэргийлэх дархлаатай болгох бололцоотой. Харин томуугийн цар тахлын үед шинэ ихэвчлэн гахай, шувуу, хүний томуугийн вирүсүүдийн генийн холимогоос тогтсон бүтэцтэй А вирүсээр үүсгэгдэнэ. Ийм тохиолдолд дэлхий нийтийг хамрах учраас томууг байнгын аюул гэж үзэж байгаа юм. Томуугийн цар тахал 20-р зуунд 4 удаа, 21-р зууных 2009 онд гахайн томуу гэдэг нэрээр гарсан. Үүний улмаас нийтдээ олон зуун сая хүн өвдөж, 50 гаруй сая нь эндсэн байдаг. Дэлхий даяар жилд томуугаас шалтгаалан 300.000-500.000 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа бас бий. Ийм учраас халдвараас найдвартай сэргийлэх вакцин, үр дүнтэй эмчлэх эмийн бэлдмэл гаргаж авах судалгааны ач холбогдол асар их юм.
Томуугийн тахалтай тэмцэхэд хожим эмчлэх эм тарианаас илүүтэй урдчилан сэргийлэх үр дүнтэй вакцин гаргаж авах нь чухал гэдгийг та дурдлаа. Танай багийн бүтээсэн шинэ чиглэлийн вакцины гол онцлог юу вэ? Хэрэгтэй эзэндээ хэдийд хүрэх бол?
Бидний судалгаа олон улсын вакцин судлалын төв хэвлэл “Vaccine” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд томуугийн вирүсийн бүх дэд хэв шинжэд тохирох амьд, сулруулсан вакцин бүтээх нийтлэг шинэ зарчмыг эхлэн тавьж байгаа онцлогтой. Зөвхөн томуугаар хязгаарлахгүй бусад сегмэнтэд геномтэй вирүсээр (Hantavirus, Lassavirus, Rotavirus, Nairovirusг.м) үүсгэгдсэн халдварийн үед ч бидний дээрхи шинэ зарчимаар тухайн вирүсээс бэлдсэн вакцинийг ашиглаж болох үндэслэл гарч байгаа юм. Иймд энэ бүтээл вакцин бүтээx зарчмийн шинэ чиглэл гэж хүлээн зөвшөөрөгдөн олон улсын патентийн эрхээ бүртгүүлж, оюуны өмчөөр хамгаалагдсан тул одоо санхүүжилт хийн хамтран ажиллах сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүд энэ асуудал хариуцсан хүмүүстэй холбогдон, зах зээлд нэвтрүүлэх ажил явагдах учиртай.
Та ер нь анх ямар учраас одоо дагнан ажилладаг салбар шинжлэх ухааныг сонгох болсон бэ?
Их сургуульд академич П. Нямдаваа, Проф. Г. Санжмятав, Др. А. Хишигдорж г.м багш нараар анагаах ухааны бичил амь судлал болон вирүс судлалын хичээл заалгаж байх үеэс эхлэн сонирхох болсон доо. Дараа нь АУДээд Сургуулийн багш болоод энэ чиглэлээр цаашид судалгааны ажил хийхээр шийдсэн. Судлаачын замд ороход минь хөтөлсөн академич Пагважавын Нямдаваа, проф. Базарын Дэмбэрэл, проф. Г. Жамба г.м олон багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж байдгаа илэрхийлэхийг хүсэж байна. Сонирхуулахад би докторын ажлын үр дүнгээ “Archives of Virology” сэтгүүлд 1996 онд нийтлүүлсний дараахан нь Лондонгийн их сургуулийн хүний генетикийн судалгааны төвөөс надад ирсэн захидлын дагуу Монголд гепатитийн В вирүсийн маркерүүд Y-хромосомийн хаплотиптэй холбоотой эсэх талаар хоёр орны хамтарсан судалгаа хийгдсэн. Тухайн үедээ бидний нийтлэгдсэн судалгаа барууны орнуудын судлаачдын анхаарлыг татахад зохих хувь нэмэр оруулсан гэж Нямдаваа академич болон бусад мэргэжил нэгт вирүс судлаачид үнэлсэнд баярлаж байдаг.
Өнөө дэлхий дахиныг түгшээн буй, үе үед шинээр төрөн гарч буй энэ аюул хэзээ үгүй болж, хүн төрөлхтний хяналтанд орох байх гэж та итгэдэг вэ?
Шинээр болон дахин сэргэж байгаа хүн, амьтны вирүсийн гаралтай халдварт өвчний гаралт улам өсөн нэмэгдэж байна. Энэ нь нэг талаас халдварт өвчний оношлогоо, тандалт сэргийлэлтэнд лабораторын шинжилгээний орчин үеийн арга тeхнологи сайжирсантай холбоотой бөгөөд улам эрт, түргэн оношлох шаардлага гарч байгаа юм. Нөгөө талаас вирүсийн гаралтай халдварт өвчингөөс үр дүнтэй сэргийлэх, эмчлэх, вакцин, эмийн бэлдмэл харьцангуй цөөн, хомс байгаа нь халдварыг цаг алдалгүй хяналтанд авахад бэрхшээл учруулж байна. Томуугийн жишээн дээр үзэхэд эмчилгээнд хэрэглэж байгаа амантадин, римантадин эмүүд зөвхөн А вирүст саатуулах нөлөөтэйгээс гадна дам нөлөө ихтэй. Эдгээр бэлдмэлд тэсвэржилттэй болсон вирүсийн мутантууд амархан үүсдэг. Вирүсийн уурагт нөлөөлдөг занамивир, оселтамивир (Tamiflu) эмүүд томуугийн А, В вирүст адил үйлчилгээтэй учир эмчилгээ, урьдчилан сэргийлэх зорилгод голлон ашигладаг. Гэхдээ сүүлийн үед энэ эмүүдэд дасал болсон вирүсийн омгууд олноор илрэх болсонтой холбоотой эмчилгээны шинэ зарчим нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Томуугийн вирүс эсэд зохицон олшрох чадвар сайтай. Вирүст амин чухал эс дохиоллын сүлжээний шинэ замыг тогтоон, уг сүлжээг таслах эсвэл вирүс шууд дарангуйлах замыг дэмжих эсэд хоргүй буюу нөлөө багатай үр дүнтэй эмчилгээний шинэ стратеги нээхээр миний ажилладаг молекул-вирүс судлалын хүрээлэнгийн судлаачид ажиллаж байна. Ингэснээр вирүс эмэнд амархан дасал болохоос сэргийлэх ач холбогдолтой. Эдгээр зорилтуудыг амжилттай шийдсэнээр вирүст халдварыг хяналтанд оруулах боломжтой болно.
Монгол орны анагаах ухааны өнөөгийн хөгжлийн тухай таны бодол юу вэ?
Хөгжингүй орнуудад анагаах ухааны хөгжил эрчтэй явагдан тухайлбал эрхтэн шилжүүлэн суулгах боломжууд улам боловсронгуй болж, хорт хавдрыг эрт оношлон, жишээ нь хөхний хавдрыг бүрэн эдгээх болоод байна. Манай оронд энэ чиглэлээр ахиц дэвшил гарч байгааг уншиж байсан. Улсын болон хувийн эмнэлгүүдэд эмчилгээны чанар сайжрахад шударга өрсөлдөөн, эрүүл мэндийн даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудын оролцоо зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ямар ч тохиолдолд өвчинд шаналсан хүнийг эмчлэх чадвартай, итгэл даах эмчийг юугаар ч орлох боломжгүй. Иймд өвчтөний бие сэтгэлд аливаа хохирол учруулахгүй гэж эхэлдэг эмч хүний Гиппократын тангаргын дагуу эмч бэлтгэх тогтолцоонд онцгой анхаарал тавих шаардлага зах зээлийн нөхцөлд хурцаар тавигдаж байна. Ялангуяа сэтгэцийн эрүүл мэндэд мэргэжлийн эмч, сэтгэл судлаач нарын тусламж, нэр хүндийг өргөн сүүлийн үед олширсон бөө, шашны элдэв буруу дадал заншилаас хол байлгах тал дээр эрүүл мэндийн яам бодитой ажил хийхгүй бол Монгол орон эргээд XX зууны эхэн үедээ очсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй байна. Хэдийгээр үүнийг хувь хүний эрх гэж хэлж болох ч энэ талаар тайлбарлаж, иргэдээ хамгаалах үүрэг төр улсын зохих албадууд хүлээсэн болов уу.
Мөн сургалтын түвшин болоод судалгааны ажил хийх орчин, нөхцлийн хувьд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулан дүгнэх боломж танд бий. Үүнийг хэрхэн сайжруулж, тордожболмоор танд санагддаг вэ?
Миний ажигласнаар Германд эрдэм шинжилгээний төсөл шалгаруулах олон хувилбар байдаг. Үүнд тодорхой сангаас бол нээлттэй шалгаруулах, энэ нь төсөл бичигч өөрийн төслөө шалгагч нарт танилцуулан илтгэл тавин өрсөлдөх эсвэл тухайн мэргэжлийн профессорууд төслийг ямар нэг зохиогчийн нэргүй аваад үнэлгээ өгч, шалгаруулах г.м зарчимууд. Манай нөхцөлд шаардлагатай бол нээлттэй байлгах нь илүү үр дүнтэй болов уу. Их дээд сургуулиуд онолын суурь судалгаа, сургалт гэсэн зарчимаар шинэ технологи, судалгаа-үйлдвэрлэлийн дадлагад оюутнууд шууд оролцох боломжтой байнгын уялдаа холбоотой хийгдэж байна. Тодорхой болзол хангасан залуу судлаач нарт зориулсан тусгай сан гаргаад гадаад орнуудад богино хугацаагаар (1-6-сар) мэргэжил дээшлүүлэх, хурал, семинарт оролцох, зөвлөх мэргэжилтэн урих зэрэгт ашиглах журамтай. Судалгааны ажлууд улам бүр шинжлэх ухааны олон салбарийг хамруулан нэгдсэн сүлжээ маягаар хийгдэх боллоо. Жишээ нь Эсийн биологи- вирүс судлал-дархлал судлал-биоинформатик г.м салбарууд хослон молекулын бүтэц-үйл ажиллагааны харилцан хамаарал, механизмийг иж бүрнээр нь тогтоохыг зорьж байна. Хүрээлэн дээр 7 хоног болгон нээлттэй эрдэм шинжилгээний семинар англи хэлээр зохиогдож байгаа нь судлаач, оюутнууд чөлөөт хэлэлцүүлэг, маргаан зохиох үр дүнтэй арга хэмжээ болдог.
Анагаах ухааны салбар ер нь төрийн бодлогоор урагшилж байх ёстой, улс орны хамгийн чухал салбарын нэг болох нь маргаангүй. Одоогийн төр засгийн бодлого, үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр яаж хэрэгжсэн болон хэрхэн хийгдэж байгаа гэдгээр нь хариуцсан яам, салбарын удирдлагуудтай сонгогчид нь тухай бүрд хариуцлага тооцож байвал гарах өгөөж илүү, оюутан залуусын сурах нөхцөл сайжрана гэж бодож байна.
Энэ жил 6-р сарын 1-нд зохиогдох гэж буй “Монгол орны хөгжилд” чуулганд та хоёр ч удаа оролцсоны хувьд чуулганы талаар бодол, сэтгэгдэлээ хуваалцана уу. Энэ чуулганаас ямар үр дүн гарч байсан болон гарах байх хэмээн та хүлээж байна вэ?
Юуны өмнө Британийн Монголчуудийн холбооныхон болон Лондон хот дахь Монгол улсын элчин сайдын яамны хамт олны сэтгэл зүтгэл нийлсэн, спортоор бол хөл бөмбөг мэт нэг баг, хамт олон болж чадсан нь энэ чуулганыг уламжлал болгон жил бүр өргөжин тэлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа нь бахархууштай хэрэг юм. Миний бие 10 гаран жилийн өмнөөс Цахим Өртөө сүлжээнд байж гадаадад суугаа Монголчуудтай холбоотой байдаг байсан маань энэ чуулганд оролцох нэг үүд болсон. 2010 оны 5 сарын 2-нд Лондон хотод болсон VI чуулга уулзалтын анагаах ухаан салбар хуралдааныг Др. Ц. Базаррагчаагийн хамт зохион байгуулж, удирдаж байснаа санаж байна. Би тэр үед ямар их цаг хугацаа, уйгагүй тэвчээр шаардсан ажил болохыг мэдэрсэн билээ. Энд тус арга хэмжээны санхүүжилтээс эхлээд чуулганы илтгэлийг товхимол болгон хэвлүүлэх хүртэл асар их ачаалал шаардсан олон нийтийн ажил болох нь харагдсан. Мөн энэ чуулган дээр тавигдаж байсан зарим илтгэлийнхээ үр дүнгээр Дашхүүгийн Одонцэцэг ХБНГУ-д техникийн ухааны доктор хамгаалсан гэх мэтээр олон залуус эрдмийн зэрэг хамгаалсанаас гадна олон улсын мэргэжлийн сэтгүүлд ч хэвлэгдэж эхэллээ. Чуулганд оролцож илтгэл тавьж байсан Др. О. Батсайхан 2011 онд, Др. Ч. Алтаннар 2012 онд Монгол улсын төрийн шагнал хүртсэн бол чуулганыг хөл дээр нь босголцсон Д. Цэрэнбатын хөдөлмөрийг “Алтан гадас” одонгоор үнэлсэн зэргийг энд бахархан хэлмээр байна.
Миний хувьд хаана ч амьдарч байсан төрсөн эх орон, Монгол хүн гэдгээрээ бахархахын хамт хилийн чанадад байгаа олон судлаачдын адил эх нутагтаа тустай ажил үйлс бүтээнэ гэсэн итгэл сэтгэлдээ тээж явдаг. Даяаршилын эринд хилийн чанадад байгаа эх орон нэгт бидний Монгол орноо хөгжүүлэе гэсэн эрхэм зорилгод энэ чуулганы ач холбогдол, үр нөлөө оршиж, улам өргөжин тэлэх болно. Дэлхийн өнцөг булан бүрээс оюутан залуус, судлаачид энэ чуулганы индэр дээрээс үнэ цэнэтэй олон санаа оноо, санаачлага гарган амжилттай хамтран ажиллаж үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тийм ч учраас “Монгол орны хөгжилд” гэсэн уриан дор явагдаж байгаагийн утга оршино гэж үздэг.