Г.Солонго, Лондон – Москва – Улаанбаатар, 2013.06.05

Жингийн цуваа хөвөрсөөр ес дөх жилтэйгээ золгожээ. Алсыг зорихдоо аливааг ажин бодол чилээн явдаг монголчууд маань жилдээ нэг хуран цуглаж үүцээ задлана. Ороо бусгаа үед зориглон сэрж хил гэтэлсэн тэд оройлох хөгжлийн сэжүүрээс атгасныгаа орон нутагтаа тээн ирэх их үйлст шулуудна. Чухам ийм л зорилго хилийн чанадад амьдарч, ажиллаж буй монголчуудыг маань нэгтгэсэн аж.

ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ

“Монгол орны хөгжил”-ийн гэрийг барихын тулд олон хүн оролцжээ. Мод хийж, эсгий зулж, багана өргөж, хана хаалга өндийлгөн, тооно босгож өрх татахдаа бүгд хамтдаа л байж. Их гэр барьж, олон жилийн турш гамтай эдэлж хэрэглэхэд юу эс байх билээ. . Барьсан гэр, эхлүүлсэн үйлсээ бүтэн авч явах үүргийг Д.Цэрэнбат тэргүүнтэй Британийн Монголчуудын холбоо манлайлан чиглүүлж Элчин Сайдын яам, Цахим Өртөө Холбооныхон хамтран гүйцэтгэж ирсэн бол Б.Алтанхуяг хэмээх залуу есөн жилийн турш бүхий л хэвлэх  материалуудын загвар, техник хэрэгслийн ажлуудыг нугалжээ. VI чуулганаас эхлээд илтгэлүүдийг англи монгол хэл дээр эмхэтгэх ажлыг Др Ц.Базаррагчаа, байр танхим хийгээд чуулганаа сурталчилан таниулах ажлыг Ж.Өнөрмаа хариуцан ажиллаж байна.  Лондонгийн Монгол уран бүтээлчидийн бүтээл, үе үеийн Оюутны холбоодын шижигнэсэн залуусын оролцоо хөгжлийн гэрт өнгө нэмжээ. Хилийн чанадад барьсан их гэртээ тэд хуучцуулаа үдэн, шинэ дэмжигчдийг угтан сэлбэсээр…

Чуулганыг бодитоор дэмжих албан байгууллага, ирж оролцон санал бодол, мэдээлэл туршлагаа солилцох хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд туршлагаа хуваалцан, оюунаа түгээхээр ирсэн зочдоо тав тухтай байлгах, мэдээлэл солилцоог нь улам сайжруулах, судалгаа бүтээлийг нь амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн гэрийнхэн  хамтдаа л зүтгэнэ. Зочид буудалд ажилладаг нь хөнгөлөлттэй үнээр өрөө олох, хэвлэн түгээх боломжтой нь бичлэг хийх, зоогийн газрынхан чанартай хоолоор үйлчлэх, офист ажилладаг нэг нь хөтөлбөр, танилцуулгыг ажил дээрээ хэвлэх,  оюутнууд нь хөтөч болох гэх мэтээр дэм дэмэндээ урагшилна. Эхний зургаан чуулганыг Британи дахь монголчууд ёстой л бор зүрхээрээ зохион байгуулсан бол 7-р чуулганыг Рио Тинто санхүүжүүлж, 8-р чуулганыг дан Монголын байгууллагууд дэмжжээ. Харин 9-р чуулганд дотоод гадаадын 14 байгууллага дэмжин тусалсан нь энэхүү арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг харуулсан жишээ боллоо гэж харсан. NTV телевизийн баг энэ чуулганыг очин сурвалжилж, цуврал нэвтрүүлэг болгон түгээж буй нь элгэн монголчуудаа гэсэн хүн ёсны, их улсаа гэсэн мэргэжлийн үүргээ биелүүлсэн онцгой дэмжлэг болсныг дурдахдаа салбарынхаа залуусаар бахархана.

“АМЬД” ИННОВАЦИ

Монголын хөгжилд хувь нэмрээ оруулахаар Монгол, Швед, Герман, Их Британи улсаас нийт 12 илтгэгч энэ жилийн чуулганд оролцлоо. Инновацийг дэмжсэн Засгийн газрын бодлого хөтөлбөрүүд гарч, эрх зүйн орчин бүрдсэн өнөө цагт IX чуулган маань “Инноваци – Ногоон хөгжил” сэдвээр төрөлжсөн. Илтгэгчдийн сэдэв, судалгаа, бүтээл бүр энэ чиглэлд нэгдэж байснаас гадна хүмүүсийн ярианы гол сэдэв болж байсан үгс бол ”АМЬД ИННОВАЦИ”…

“Цахим Өртөө” дээд сургуулиас санаачлан оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг Монголдоо зохион байгуулж түрүүлсэн оюутныг IX чуулганд оролцуулахаар болсон бөгөөд ингэхдээ дотоодод сурч боловсорч буй залуусын дуу хоолойг хүргэх, мэдлэг чансааг нь сорих, чуулганы үзэл санааг эх орондоо дэлгэрүүлэх зорилго агуулсан байна. МУИС-аас шалгарсан оюутан Ж.Гандолгор судалгааны бүтээл, илтгэх чадвар, мэдлэгээрээ гайхашруулж, “АМЬД ИННОВАЦИ” хэллэг гарах үндэс боллоо.

Дэлхийгээр нэг таран суугаа монголчууд маань бүгдээрээ л дор бүрнээ сурсан мэдсэн, сайтар эзэмшсэн зүйлтэй. Тэдгээрийг нэгтгэн, нутагшуулах ундарга нь хөгжлийн энэхүү чуулган юм байна гэсэн үзэл уг чуулганд оролцсон сэтгүүлч биед нэвт шингэжээ. Зөв мэдээлэлтэй, мэдлэг туршлагатай хувь хүн бол хөгжсөн иргэн юм. . Ямар ч улсын хөгжил дэвшил ийм хүмүүсийнхээ нуруун дээр явдаг. Тэд ч үүнийгээ эх орондоо оруулж буй үүрэг хэмээн үздэг ээ. Дотоод, Гадаад дахь оюунт монголчуудын энэ их нөөц, мэдлэг оюуныг нэгтгэн, бодитоор хэрэгжүүлэх үйл явц бол өнөөх инноваци нь утгаараа мөн гэлтэй. Энэ нь аль ч салбарт дэвшил авчрах нь тодорхой.

 

ТҮҮХ СУРАГЛАВАЛ…

Хамт аялсан багшийн хэлснээр дэлхий доторх бяцхан дэлхий болох Лондонгийн монголчуудын эх орондоо хөгжлийг авчрахсан гэх сэтгэлээс энэхүү чуулганы шав тавигдсан нь 2005 он. Гуч гаруй хүн Элчин сайдын яаман дээрээ цуглаж бүтэн өдөржингөө 12 илтгэл хэлэлцүүлж, бас болоогүй нэгнийгээ байр эзлүүлэн урамшуулж байж. Тухайн үед сайд байсан Д.Даваасамбуу гуайн дэмжлэг, шууд оролцоо чуулганыг энэ зэрэгтэй явж ирэхэд ихээхэн нөлөөлснийг санаачлагчид бахархан ярьдаг. Дэлхийн сүлжээний үлгэр дуурайл болсон цахим өртөөчид үе үеийн чуулганыг хамтран зохион байгуулж, санаачлагатай оролцож, дэмжиж ирснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Ийм төрлийн цугларалт, уулзалт олширсон өнөө цагт “Монгол орны хөгжилд” чуулган нь энх цагийн өрсөлдөөн дунд ид тулалдаж яваа монголчууд маань олсон санхүүжилтэндээ тааруулан өөрсдөө зохион байгуулдаг,  харьцангуй бүтээлч, гэр бүлсэг халуун дулаан уур амьсгалд болж өнгөрдгөөрөө ихээхэн ялгаатай.

Арга хэлбэрийн хувьд баяжиж, IV чуулганаас эхлээд тодорхой сэдвээр төрөлжин, онлайн хэлбэрээр оролцох боломж бүрдсэн бол V чуулганд хамба лам Д.Чойжамц оролцон, хоёр салбарлан хуралдсаныг ТВ9-ийн “Будда Медиа” студийн баг ирж сурвалжилж, анх удаа Элчин сайдын яамнаас өөр газар зохион байгуулагдсанаар энэ арга хэмжээ шинэ түвшинд гарч иржээ. Дараа жилийн чуулган нь гурав салбарлан хуралдаж, 20 гаруй илтгэлээр цар хүрээгээ тэлсэн байна. Харин VII чуулганаас эхлэн Европын орнуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодын төлөөллүүд оролцсоноор VIII чуулган Шведийн нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи-Европын Стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвээр зохиогдсон нь сэдэвчилсэн хурлын эх суурь болжээ.

 ОЛЗ

Есөн удаа уулзсан бүтээлч монголчуудын 100 орчим бүтээл, арга туршлага, зөвлөмжүүд байна. Янз бүрийн салбарын тэдгээр оролцогчдын ихэнх нь эх орондоо ажиллаж амьдрах болжээ. Чуулганы явцаас харахад зөвхөн эрдэмлэг хуралдаан байгаад зогсохгүй илтгэгч бүр, ирсэн оролцогч бүр өөр өөрсдийн дадал туршлага, хөгжлийн нууцаас харамгүй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байх юм. Амиа бодсон үзэл энд нэгээхэн ч алга.

Миний оролцсон IX чуулганд гэхэд л Инноваци нь Их Британи, Финлянд, Гүржид хэрхэн хэрэгжиж байгаа туршлага; Цахим хуваагдал бол алдаж болохгүй алтан боломж; Хөгжлийн сайн гарц бол мэдээллийн технологи;, Инновацийг дэмжсэн өрсөлдөөний бодлогууд, учрах бэрхшээлийг хэрхэн яаж давах, ямар зохицуулалтууд шаардлагатай, хууль зүйн үүднээс энэ талын ямар туршлагууд байгаа; Хөгжингүй орнууд инноваци ба суурь судалгааг яаж хийдэг талаар, Судалгаанаас бүтээгдэхүүн бий болгох буюу инновацийн үндсэн асуудлууд нь яг юу болох, Иргэний үнэмлэхний гол түлхүүр нь Монголчуудын угийн бичиг байх; Монголын хэл шинжлэлийн салбарт инноваци ямар хэрэгтэй вэ гэх зэргээр бодит мэдлэгийг олгож чадсан сайн илтгэлүүд ирсэн байна.

Салбар бүрт эх ундарга нь болж чадах мэдээлэл, мэдлэг, туршлага тээн ирлээ. Чуулганы үе үеийн оролцогсод эх орныхоо төлөө хоосон санаа зовоод яриад суух бус, ингэж хийвэл боломжтой, тэгэж хандвал хүртээлтэй гэсэн арга ухаан, бүтээлч судалгааг тээн иржээ. Оюуны энэ их хүчийг одоохон гээд шүүрч аваад ашиглах нөөц, хөрс нэгэнт бүрдэж. Үүнээс илүү олз гэж юусан билээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *