Сэтгүүлч Э.Ариунзаяа. Лондон хот
2005 онд Британийн Монголчууд нэгэн чуулган санаачлан, зохион байгуулж байсан нь өдгөө 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй “Монгол Орны Хөгжилд” хэмээх чуулга уулзалт юм. Гадаад оронд сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийнхээ мэдлэг оюун, чадвар туршлагыг монгол орныхоо хөгжилд хүч болгон өргөхийн төлөө хамтран чуулж, хэлэлцдэг энэхүү уулзалт Цахим Өртөө сүлжээ, холбоотой ойр харилцаатай үүссэн төдийгүй өдийг хүртэл хамтын ажиллагаатай ирсэн юм. Үүний нэгэн илрэл нь тус чуулганыг зохион байгуулах багийн ахлагчаар Цахим Өртөө холбооны тэргүүн Д.Цэрэнбат ажилладаг явдал. Ингээд Англи улсад ажиллаж, амьдардаг Д.Цэрэнбаттай чуулганы талаар ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Энэхүү чуулган 9 дэх удаагаа зохиогдох гэж байгаа ч олж сонсож, мэдээгүй хүмүүс багагүй бий биз ээ. Та чуулганы ерөнхий санаа, зорилгоо танилцуулахын хажуугаар анх хэрхэн эхлэж байсан үеээ дурсана уу?
Хүний нутагт яваа хүн хөгжлийн сайхныг эх орондоо цогцлоохсон гэсэн өлөн нүд, сэтгэлтэй явдаг, тэр нь юмыг ажиглах, анзаарах, сурах нэг сайн хөшүүрэг болох нь бий. Тухайн үед Британид байсан Монголчуудын энэ л сэтгэл дээр тулгуурлаж анхдугаар чуулган 2005 онд зохиогдсон. Чуулганы зорилго нь хилийн чанадад сурч мэргэшиж буй Монголчуудынхаа “Монгол орны хөгжилд” хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болох явдал. Алив юмыг таслахгүй хийгээд байвал өөрийн алдаа оноо, өрөөлийн зөвлөмж шүүмжээс суралцаад, тусгаад, туршлагажаад, зүг чиг нь ч улам тодроод, хөгжөөд байдаг. Чуулган тэр жаягаар явж буй.
Элчин сайдын яамны хамтын оролцоо дэмжлэгтэйгээр яаман дээр 30 гаран хүн цуглаж 12 илтгэл өдөржин хэлэлцсэнээр чуулганы гал асаж байв. Бид үзэгчдийн үнэлгээгээр байр эзлүүлэн шагнаж, үүнд Монгол Банк, Эрдэнэт Корпораци, Говь компани гээд Лондонд төлөөлөгчидтэй манай бизнес, санхүүгийн байгууллагууд санхүүгийн тусламж үзүүлэн оролцож, нэрэмжит шагналаа өгдөг уламжлал бий болгож байлаа. Тухайн үед сайд байсан Д.Даваасамбуу гуайн дэмжлэг, шууд оролцоо чуулганыг босож ирэхэд их нөлөөлсөн. Эрдэмтэн судлаач хүнийхээ хувьд эхний 3 чуулганд илтгэлээрээ оролцсон нь бусдад сайхан үлгэр болж, элчин сайдын яамны ажилтнууд маань ч бэлтгэл зохион байгуулах ажилд идэвхитэй хамтран ажиллаж чуулган нь яамны бас нэг ажил болж тогтсон юм. Б.Алтангэрэл сайдын үед чуулган улам бүр өргөжин тэллээ.
Мөн чуулганыг үүсгэж, өдий зэрэгт хүргэхэд Цахим Өртөө сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүдийн дэмжлэг оролцоо их үүрэгтэй. Ер нь ч Цахим Өртөө сүлжээгээр биесээ эчнээ мэдэх болсон хүмүүс анх чуулганыг хамтран хийж байсан, одоо ч чуулганд ирж оролцогч нар Цахим өртөөний эрт, эдүүгээгийн гишүүд байх нь түгээмэл. Чуулган өргөжин хөгжиж ирэхэд түшиг болсон, болж байгаа, болсоор ч байх нэг тулгуур нь Цахим Өртөө яах аргагүй мөн ба эргээд чуулган нь Цахим Өртөөгөө батжин бэхжүүлэгч нэгэн ундрага болж байдаг.
Лондон хотноо Монгол оронтой холбоотой эдийн засгийн хурал чуулган олноор зохиогдох болжээ. Эдийн засгийн өсөлт, өөрчлөлтийг дагасан олон талын ашиг сонирхолтой эдгээр чуулгануудаас “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулганы ялгарах гол зүйл нь юу вэ?
Хоёр орны харилцаа олон талаар өргөжин хөгжиж байна. Үүнийг дагаад таны хэлдгээр янз бүрийн сэдвийн, түвшний хурал чуулган олон зохиогдох болжээ. Манай чуулганы хувьд Монголчууд өөрсдөө үүсгэн санаачилж, зохион байгуулж ирсэн, өөрийнхөө жам ёсоор өсөж өндийж, олонд танигдаж яваагаараа л ялгарах байх. Зохион байгуулалтын хувьд бид олсон санхүүжилтдээ тааруулан өөрсдийнхөө боломжоор, бие дааж хийдэг. Тиймээс харьцангуй тусгаар, бас нэг тийм эвсэг, бүлсэг уур амьсгалд болж өнгөрдөг. Дараа нь бүгд л чуулганаа ярьж уулзана, дурсана. Өнгөрсөн түүхийг нь харвал жилээс жилд томорч тэлсэн, олонд хүрсэн нь анзаарагдана.
Зохион байгуулах ажилд ямар ямар байгууллага, хувь хүмүүс оролцдог вэ? Гадаад оронд бие даасан чуулган зохион байгуулна гэдэг амаргүй ажил болов уу.
Үүссэн цагаас нь гардан зохион байгуулж ирсэн байгууллагууд гэвэл Британийн Монголчуудын холбоо, Элчин Сайдын яам, дээр нь Цахим Өртөө Холбоо. Чуулган хаана ч хийгдсэн түүний үзэл санаа, удирдлагын гол чиг үүргээ авч явдаг, ажил үүргээ мэдэх үндсэн гэж болох баг бий. Лондон дах Элчин сайдын яам маань гадны байгууллагатай хандах үед чуулганыг төлөөлөх, санхүүжилт босгоход анхаарах, гаднаас ирэх илтгэгч ороцогсодын визаны асуудлыг түргэн шуурхай шийдэж өгөх гэх мэт гадаад харилцаатай холбоотой гол ажлуудыг нугална. Анхдугаар чуулганаас эхлэн А.Амарсайхан (өдгөө МҮАН-ийн нарийн бичгийн дарга), Д.Ганхуяг (өдгөө ГХЯамны дэд сайд), Г.Жаргалсайхан (өдгөө Женевд элчин зөвлөх),Б.Эхнбаяр (өдгөө ГХЯамны Консулийн газарт зөвлөх), Б.Даажамба (өдгөө Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга), Х.Мандахцэцэг (өдгөө ГХЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга), С.Уянга (өдгөө элчин сайдын яамны атташе) гээд элчин сайдын яамны ажилтнуудтайгаа тухайн чуулган бүрт нэг баг болон ажиллаж ирсэн, ажиллаж байна.
Хэвлэх материалуудын загвар гаргах, техник хэрэгсэлтэй харьцах талын ажлыг Монголчуудын холбооны Б.Алтанхуяг маань анхдугаар чуулганаас хойш хариуцан хийж яваа. Илтгэгч нартай холбогдож илтгэлүүдийг шалгаруулж нэг хэлбэр загварт оруулах, Англи, Монгол хэл дээр хэвлүүлэхээс эхлээд бичгийн чадвар сайтай хүн хийхээс аргагүй чамгүй ажил ундрана. 3-р чуулганаас эхлээд энэ ажлыг тусгай баг хийдэг болж Др В.Шинэнэмэх, Д.Онолмаа, Др Т.Индра, Б.Мөнгөнтуяа нар хамтран ажиллаж байв. 6-р чуулганаас энэ багийг Др. Ц.Базаррагчаа ахлан ажиллаж гаршаад байна. Байр танхимын асуудал болон гадны хувь хүн байгууллагуудад чуулганаа сурталчилан таниулахад Ж.Өнөрмаа анхаарч ажиллаж, түүний Lingua Global компани үүсэн байгуулагдсан цагаасаа чуулганд төрөл бүрээр дэмжлэг үзүүлж ирлээ. Б.Нямбаярын удирддаг байсан чуулганы өдрийн ложистикийг З.Отгонбаяр хариуцах боллоо, үе үеийн Оюутны Холбоод бэлтгэл зохион байгуулалтад хамжин оролцдог уламжлал бий болсон гэх мэт. Ер нь тодорхой тогтсон чиг үүргүүдийг олон жил дагнан хариуцаж, туршлагажсан хэсэг нь тухайн жилд бүрдэх зохион байгуулах багийн хүмүүсээ чиглүүлээд бие биенээ дэмнээд ажилладаг. Нэр нь дурьдагдаагүй хүн олон бий. Бид иргэд маань сурч ажиллахаар ирээд буцдаг хөдөлгөөн дунд гадаад оронд чуулган зохиож байгаа болохоор зохион байгуулах багийн бүрэлдэхүүн маань ч жилээс жилд л хууччуулаа үдэж шинэ дэмжигчдээр сэлбэгдэж ажилладаг онцлог бий.
Чуулган уламжлал болж, өргөжихийн хирээр төрийн болон төрийн бус бусад байгууллагын оролцоо ч бий боллоо. Тухайлбал, өмнөх засгийн үед Хилийн Чанадад Суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл гэж байхад уг Зөвлөлийн Гүйцэтгэх албаны дарга Ч.Энх-Эрдэнэ бидний ажилагааг дэмжих гэж их хичээдэг байсныг дурдах хэрэгтэй. 6-р чуулганд тэдний алба Монголоос онлайн хэлбэрээр оролцож, 7-р чуулганд Ч.Энх-Эрдэнэ дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж, 8-р чуулганд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан гэх мэт. Тухайн жилийн хийгдэх сэдэв, болох газраасаа болж уламжлалт үүргийг авч явдаг хүмүүс дээр нэмэгдэн зохион байгуулах баг бүрдэнэ. Тухайлбал өнгөрсөн жил чуулган Шведийн нийслэл Стокхольм хотноо “Өндөр Технологи-Европийн Стандартыг нэвтрүүлэх боломж” гэсэн сэдэв дор зохиогдоход Монголоос тэр үеийн Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Газрын Инновацийн хэлтсийн дарга, эртний Цахим өртөөчин Б.Ганбат, Шведийн Вант Улсад суугаa онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Энхмандах (анхдугаар чуyлганыг зохион байгуулах үед Лондон дах ЭСЯамнаа элчин зөвлөх байхаасаа чуулганыг байнга дэмжин туслаж ирсэн), Европ Монголын Нийгэмлэг, Шведийн Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ нар манлайлан ажиллаж чуулганыг маш амжилттай зохион байгуулж, Монголоос Эдийн засгийн чуулган, Шинжлэх Ухааны Академи, Өндөр технологийг эзэмшүүлэх сургалт явуулж буй МУИС, АУИС зэрэг их дээд сургуулиуд, өндөр технологийн бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэж буй хувийн компаниуд, Gerege Partners компани, МАН, МҮАН, ИЗНН зэрэг улс төрийн намууд ивээн тэтгэж, төлөөллүүд хүрэлцэн ирж оролцож байв.
Гол юм мэдээж санхүүжилт. Эхний хэдэн чуулганд элчин сайдын яам маань хөрөнгө босгох ажлын гол ачааг үүрч байлаа. Энд ажиллаж амьдарч буй Монголчууд маань боломжоороо туслана. Тухайлбал зочид буудалд ажилладаг нь хөнгөлөлттэй үнээр чуулганы зочдыг өрөө байраар хангах, Монгол Соёлын Төвөөс бичлэг сурвалжлагыг нь хийгээд өгөх, Монгол пабнаас хямдралтай хоолоор үйлчилэх, боломжтой газар ажилладаг нэг нь хөтөлбөр, танилцуулгыг ажил дээрээ хэвлэх, цай кофегоор хангах, амжилт хүсээд тодорхой мөнгөн дэм өгөх гэх мэтээр.
7-р чуулганыг Рио Тинто санхүүжүүлснээр нилээд өндөр хэмжээнд зохиосон бол өнгөрсөн жилийн хувьд дан Монголын байгууллагууд дэмжлэг үзүүлсэн. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн тамгын газар, Элчин сайдын яам, Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо, Cashmere Collection, Европ Монголын Нийгэмлэг, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, Их Британи дах Монгол Оюутнуудын Холбоо, NTV телевиз, Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Lingua Global компани, Францийн GM. Galleries Lafayette компани, Английн Tune Hotel, AG International Ltd, Limkokwing University of Creative Technology зэрэг байгууллагууд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байна. Мөн АНУ-ийн Santa Barbara дах University of California-ийн Шашин Судлалын Тэнхимийн Бурханы шашин судлалын профессор Др. Vesna A. Wallace чуулганд амжилт хүсэн мөнгөн тусламж үзүүлснийг дyрдахад таатай байна.
Олон орноос, төрөл бүрийн ажил мэргэжил бүхий хүмүүс цуглардаг тул сэдэв болоод агуулгын хувьд өргөн болдог биз ээ. Урьдны чуулгануудаас гарч байсан онцлох, сонирхолтой санаануудаас дурдвал?
Чуулган нь жилээс жилд шинэ санаа, сэдэл, шинэ хэлбэрээр баяжиж ирсэн. Эхний 3 чуулганы хувьд ерөнхий нэрнийхээ доор өөр өөрийнхөө сурч мэргэшиж, судалж буй чиглэлээр санаа бодлоо хуваалцах хэлбэрээр зохион байгуулагдсан бол 4-р чуулганаас эхлэн тодорхой сэдвийн хүрээнд хийдэг уламжлал тогтлоо. Сэдэв дотроо бас мэргэжил чиглэлээрээ салбарлан хуралдана. Тухайлбал “Байгаль орчин,” “Монгол Хүн – Нийгэм – Соёл”, “Монголын эдийн засгийн хэтийн төлөв”, “Математик Загварчлал, Мэдээллийн технологи, Инженэрчлэл”, “Анагаах ухаан”, “Мэдлэгт суурилсан Хөгжил”, “Өндөр Технологи-Европийн Стандартыг нэвтрүүлэх боломж” зэрэг сэдвүүдийн дор чуулж байжээ.
4-р чуулганд Монгол болон ОХУ-аас цахим хэлбэрээр илтгэлүүдийг амжилттай зохион байгуулснаар энэ нь чуулганд оролцох нэг хэлбэр болж хэлбэршсэн. 5-р чуулганд Хамба лам Д.Чойжамц гуай бидний урилгыг хүлээн авч ирж оролцон, 2 салбарлан хуралдаж олон ч хүн хамрагдаж Монголоос ТВ9-ийн “Будда Медиа” Студийн баг ирж сурвалжлан анх удаа элчин сайдын яамнаас өөр газар зохион байгуулагдсанаар чуулган шинэ түвшинд гарч ирсэн. 6-р чуулган 3 салбарлан хуралдаж 20 гаран илтгэл хэлэлцсэн нүсэр чуулган болж байв. Тэр жилээс Limkokwing University of Creative Technology сургуультай хамтран ажиллаж, чуулган Лондонд зохиогдох бол тэдний байранд хийдэг уламжлал тогтлоо. 7-р чуулганд Европийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодын төлөөллүүд ирж оролцож санал бодлоо солилцон Европ Монголын Нийгэмлэг байгуулагдаж хойшдийн чуулгануудыг хамтран зохион байгуулалцаж байх болсон бол 8-р чуулган Лондонгоос өөр газар буюу Шведэд болсон гээд өөр өөрийн тухайлан дурсагдах онцлогтой чуулганууд болж байжээ.
9-р чуулганы хувьд нэг онцлог нь Цахим Өртөө Дээд Сургуулиас Монголд оюутнуудын дунд “Инноваци – Ногоон хөгжил” сэдвийн дор “Монгол орны хөгжилд” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж шалгарсан оюутныг энэ чуулгандаа илтгэлээр нь урьж оролцуулж байна. Энэ бас уламжлал болж тогтоно. Сургуулийн захирал Др.Н.Батсайхан, хурлын илтгэлүүдийг шалгаруулах комиссийн гишүүд болох Др В.Шинэнэмэх, Др Г. Рагчаасүрэн гадаадад байхдаа өмнөх чуулганд илтгэлээрээ оролцож байсан, хамтран зохион байгуулж байсан хүмүүс. Тэд маань ийнхүү эх орондоо энэ чуулганы үзэл санааг дэлгэрүүлж эргэх холбоотой ажиллаж буй нь тун сайхан хэрэг. Энэ жилийн хувьд бас Монголоос NTV ТВ-ийн баг хүрэлцэн ирж сурвалжилахаар боллоо. Чуулганы өмнө ч ярилцлага нэвтрүүлэг гарах юм.
Мөн чуулганд илтгэлээрээ оролцож, хамтран зохион байгуулалцаж байсан түүхийн ухааны Др О.Батсайхан, математикийн ухааны Др. Ч.Алтаннар нар өөрсдийн олон жилийн эрдмийн ажлынхаа үр дүнг үнэлүүлж “Төрийн Шагнал” хүртсэн нь бидний бахархах зүйлсийн нэг.
Энэ удаагийн чуулганы сэдвийн талаар ярилцая. Монгол оронд сүүлийн үед багагүй яригдах болсон инновацийн асуудлыг сэдэв болгон авсан шалтгаан юу вэ?
Ерөөс хөгжлийн эх ундарга мэдлэг оюун. Чуулганы сэдвүүдийг харвал мэдлэг оюунтай л холбоотой буй. Энэ жилийн чуулганы сэдэв өнгөрсөн жилийн чуулганаас угшилтай. 8-р чуулганыг зохион байгуулах багийн нэг гол хүн Б.Ганбат инновацийг Монголд бий болгож хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байсан. Мэдлэг оюуныг бодитоор амжилт болгох арга зам нь инновацийг хөхүүлэн дэмжих явдал. Өнгөрсөн зун Инновацийн хууль батлагдаж эрх зүйн тодорхой орчин манайд бүрдсэн. Монголд ч сүүлийн үед олон төрлийн хурал хэлэлцүүлэг энэ сэдвээр зохион байгуулагдах болж. Инноваци гэдэг аль ч салбарт бий болж, дэвшил хөгжлийг авчирдаг цогц үйл явц. Гадны улс орны төр засаг инновацийг бодлоготойгоор хөгжүүлж байна. Британид Department for Business, Innovation and Skills гэж бий. Бизнесийн томоохон байгууллагууд ч дэргэдээ инновацийн асуудал хариуцсан бүтэц тогтолцоотой болсон цаг үе тул бид эх орондоо энэ ойлголтыг хөгжүүлэх дэлгэрүүлэхэд бас өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилго тавьсан хэрэг. Чуулганд ирсэн илтгэлүүдийг харахад олон салбарын, олон талын санаа сэдэл бүхий сонирхолтой илтгэлүүд цугласан байна.
Чуулганы үр дүнг хэрхэн харж, хүлээж байна вэ?
Та нар чуулах л юм, үр дүн хаана байна аа гэж асуух хүн элбэг. Эхэндээ ч Анхдугаар гээд мартагддаг нэг хурал болгочихгүй юмсан гэж зүтгэсэн. Одоо аравдугаар нь ирэх жил болох нь гээд бодохоор баргийн салхинд нурчихааргүй нуруу босжээ. Эрдэм оюуны хуралдаан байгаад зогсохгүй Европ дах Монголчуудын Холбоод уулзаж ажил хэргээ хэлэлцдэг жишиг тогтож байна. Чуулганы үзэл санаа ч түгэн дэлгэрч буйгаар энэ нь батлагдана. Уулзаж ярилцаж санаа бодлоо солилцохоос ирээдүйн гардан бүтээх ажлын эхлэл ул суурь илүү баттай тавигддаг. Тэгэхээр уулзаж чуулж байна гэдэг зөв эхлэл. Гадаадад сурч боловсорч буй залуусын оюуны хүч бололцоог Монгол орны хөгжилд бодитой оруулах үйл явц руу алхам алхамаар урагшилж, зорилго өөдөө ахисаар буй. Нэг юм хийх хөрс бүрдээд байна гэж харж байна. Чуулганд илтгэлээрээ оролцож байсан залуусын 80 орчим хувь нь Монголдоо очиж өөр өөрийн салбартаа амжилттай ажиллаж “Монгол орныхоо хөгжилд” гар бие оролцож байна. Сайхан санагддаг. Чуулганд янз бүрийн мэргэшлийн нийт 100 орчим хүн илтгэлээрээ оролцсоны тал хувь нь Докторын, 30 хувь нь Мастерын зэрэгтэй. 10-р чуулганыг нилээд өвөрмөц хийнэ гэж төлөвлөж байна. Удахгүй энэ талаар яригдаад бэлтгэл ажил эхлэнэ. Тэрний дараа нэг ярилцах уу.